Бизнесийн удирдлагын тэнхимийн танилцуулга

Бизнесийн удирдлагын тэнхим менежмент, худалдаа, нягтлан бодох бүртгэл, маркетинг гэсэн мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагын магистр, бизнесийн удирдлагын докторын сургалт явуулж байгаа бөгөөд бакалаврын өдрийн 4 хөтөлбөр, эчнээ, оройн ангийн 2 хөтөлбөр, магистрын  1, докторын 1 хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Манай тэнхмээс Ц.Эрдэнэсайхан боловсрол судлалын ухааны доктор, Д.Амгалан, Ж.Ариунболд, Р.Батжаргал нарын эдийн засгийн ухааны докторууд төрөн гарсан билээ.

Тус тэнхмийн багш нар нийт 20 шахам сурах бичиг, гарын авлага боловсруулсан төдийгүй жилдээ 1-2 эрдэм шинжилгээний ажлыг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлдэг.

Г.Алтантовч, Н.Чанцалдулам нарын бичсэн “Зар сурталчилгаа ба идэвхжүүлэлтийн удирдлага”, “Олон улсын маркетинг” сурах бичгүүд нь мэргэжлийн бусад их дээд сургуулиудад ч эрэлт хэрэгцээтэй сайн бүтээл болсон юм.

Тэнхимийн багш нар хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын  хичээлүүдийн агуулгын дагуу боловсруулж, дотоодын бусад их, дээд сургуулиудын хөтөлбөрүүдтэй жиших замаар сайжруулалт болон тасралтгүй хөгжүүлэлт хийж байна.

Тус тэнхимийн хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг боловсрол бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, сургалт-судалгааны байгууллагын түвшинд ажиллах зорилго тавин ажиллаж байна.