СИТИ ИХ СУРГУУЛИЙН ВЭБ САЙТАД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Манай сургууль 1998 онд байгуулагдсан,  үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойгоо 2018 оны 11 сард багш ажилтан, оюутан төгсөгчид, гадаад, дотоодын харилцагч, хамтрагчдын хамт өргөн тэмдэглэсэн.  Улиран одсон жилүүд бол манай хамт олны хувьд амжилт бүтээл, тасралтгүй хөгжлийн түүх юм. Анх 60 оюутан, гурван багш, хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үе үл мартагдах дурсамж болон үлдэж байна. 2005 онд анхан шатны, 2011 онд ахисан төвшинд тус тус  магадлан итгэмжлэгдэж, БСШУЯ-аар аттестатчилагдав. 2016 онд их сургуулийн статустай болсноор удирдлага, зохион байгуулалт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт үндсэн өөрчлөлтүүд хийгдэж, сургалт судалгааны олон шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх болов. Юуны өмнө 2018-2019 оны хичээлийн жилд дараах бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа  явуулахаа дуулгахад таатай байна. Үүнд:

  1. Бизнесийн удирдлагын сургууль
  2. Хүмүүнлэгийн сургууль
  3. Урлагийн сургууль
  4. Гоо сайхны сургууль
  5. Хууль зүйн сургууль
  6. Архитектур, дизайны сургууль

Бүрэлдэхүүний сургуулиудад  23 мэргэжлээр өдөр, эчнээ ангид оюутнууд суралцдаг. Мөн  Магистрантур, Докторантурын хөтөлбөрүүд манайхыг зорьсон хүн бүхэнд нээлттэй. Сургуулийн гадаад харилцаа жилээс жилд өргөжиж  шинэ шатанд гарав.   2015 онд БСШУЯ болон МОХ-оос  Шилдэг гадаад харилцаатай сургууль өргөмжлөл хүртсэн нь биднийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сургууль болох амаргүй бөгөөд ариун зорилгынхоо төлөө шантралгүй зүтгэх урам зориг өгсөн баярт үйл явдал болов. Сити их сургуульд 2014 оноос Европын холбооны их дээд сургуулийн чадамжийг нэмэгдүүлэх болон багш ажилтан,  оюутан солилцооны Эрасмус плас  зэрэг гурван хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашид оюутан суралцагсдынхаа төлөө манай хамт олон,  профессор багш нар их зүйлийг хийж бүтээх болно.

                  Таны ирээдүйн их зорилго, ажил үйлсэд амжилт хүсье!

                   Хүндэтгэсэн: Доктор (Ph.D), профессор Ц.Байгалмаа