Бизнесийн сургуулийн танилцуулга

1998 онд СИТИ их сургууль /хуучин нэрээр Монголжингоо/ байгуулагдахад нээгдсэн 3 мэргэжлийн нэг нь “Үйлчилгээний менежмент” байсан бөгөөд 17 оюутан элсэн орсноор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Анх Монгол улсын Ерөнхий сайд агсан П.Жасрай, эдийн засгийн ухааны доктор Н.Цэрэнпил, Н.Нацагдорж нарын нэр хүндтэй хүмүүс багшилж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн юм. 2004 онд бие даан зохион байгуулагдсан менежментийн тэнхим 2008 оны захирлын 01/02 тоот тушаалаар Бизнесийн Удирдлагын факультет, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн захирлын 01 тоот тушаалаар Бизнесийн  сургууль болон өргөжсөн.

Манай багшлах боловсон хүчин гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалсан багш нараас бүрдэж байна. Бид үндсэн багш нарын зэрэгцээ эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал: Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Гавъяат эдийн засагч Д.Байлыхүү, Гадаад Хэргийн Яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын орлогч дарга Л.Отгонбаяр, УИХ гишүүн асан, Г.Төртогтох /Ph.D/, Бизнесийн удирдлагын МВА хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч П.Мөнхтогт нарын олон бүтээлч эрхэмүүдийг дурдаж болно.

Манай сургууль гадаадаас суралцагсдын тоог нэмэгдүүлэх, оюутан солилцоог эрчимжүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus Mobility Asia /EMMA/ хөтөлбөрийн Монгол улс дахь түнш байгууллагаар сонгогдон ажиллаж, уг хөтөлбөрийн хүрээнд 2015-2016 онд 2 багш, 5 магистрант Франц, Итали, Польш улсуудад амжилттай суралцав.

Бид 2016-2017 оны хичээлийн жилээс англи хэлний сургалттай болж, гадаадын шилдэг сургуулиудын жишгээр хичээлийн хөтөлбөр болон үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бүхэн манай сургалтын хөтөлбөрийг чанарын өндөр төвшинд гаргаж, оюутнуудад олон улсын төвшинд хүрсэн  боловсрол эзэмших боломж олгож буйгаараа онцгой ач холбогдолтой юм.

2012 оноос магистрын сургалт, 2015 оноос докторын сургалт тус тус эрхлэн явуулах болсон бөгөөд цаашид цахим сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө орон нутаг болон гадаад улсад амьдарч буй монголчууддаа дээд боловсрол олгох зайны сургалтын системийг хэрэгжүүлэх юм.

 

 Мэргэжлийн нэр  Суралцах хугацаа  Зэрэг
 Менежмент  4 жил  Бакалавр
Маркетинг  4 жил  Бакалавр
Нягтлан бодох бүртгэл  4 жил  Бакалавр
Зочлох үйлчилгээ /Зочид буудал, зоогийн газар/  4 жил  Бакалавр
Зочлох үйлчилгээ, Онгоцны үйлчлэгч БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр  Бакалавр
 Аялал жуулчлалын менежмент 4 жил   Бакалавр
Аялал, агаарын тээврийн үйлчилгээний менежмент  БНСУ-ын Уюдук их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр   Бакалавр
 Худалдаа  4 жил   Бакалавр
 Бизнесийн удирдлага  1,5 жил  Магистр
 Аялал жуулчлалын менежмент  1,5 жил  Магистр
 Бизнесийн удирдлага

– Хотын удирдлага

 3 жил  Доктор