Хитоши Тажимад “Хүндэт доктор” цол олголоо

       Япон улсын иргэн Хитоши Тажимад Сити их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр СИТИ их сургуулийн “Хүндэт доктор” цол олголоо.

Хитоши Тажима Японы Ueda Gakuen боловсролын группын Удирдах зөвлөлийн гишүүн, загварын UEDA коллежийн Ерөнхийлөгч юм. Ноён Хитоши Тажимаг Сити их сургуульд зочлох үеэр тус сургуулийн Ерөнхийлөгч хатагтай Ц.Байгалмаа “Хүндэт доктор”-ын дипломыг гардуулан өглөө.

 Хитоши Тажима нь Сити их сургуульд зочин багшаар ажиллаж, тус сургуулийн Дизайны мэргэжлийн тэнхимийн оюутан, багш нарт хичээл зааж, өөрийн арвин мэдлэг туршлагаасаа хуваалцан ажиллаж байгааг үнэлэн  дээрх хүндэт  цолыг хүртээсэн байна.

Ноён Хитоши Тажима нь Осакагийн их сургуулийн Дүрслэх урлагийн ангийг Дүрслэх урлаг, дүрслэх урлагийн төлөвлөлт чиглэлээр төгссөн. Олон улсын загварын чиглэлийн арвин туршлагатай, дээд зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт, өндөр зэрэглэлийн брэндийн дэлгүүрийн менежмент, хөгжлийн чиглэлээр олон жил ажилласан, Азийн загварын талаар арвин мэдлэг, туршлагатай хүн юм.

“Хүндэт доктор”-ын диплом гардуулсны дараа ноён Хитоши Тажима Сити их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж халуун дулаан яриа өрнүүллээ. Тэрбээр, тус сургуулийн оюутнуудын хийсэн үндэсний хувцасны коллекцууд маш их таалагдсан тухай ярьж, Монголын үндэсний хувцасны брэндийг хөгжүүлж, дэлхийд гаргах, энэ чиглэлээр ажилладаг багш нарыг хөгжүүлэх болон оюутнуудыг Азийн загварын чиг хандлагатай танилцуулах, мэдлэг боловсролыг нь тэлэх тал дээр хамтран ажиллах боломжтой талаар хэллээ. Тэрчлэн тус сургуулийн оюутныг  өөрийн сургуультай танилцуулах,  дадлагажуулах боломж байгааг онцоллоо.