Хитоши Тажима: Монголчууд өөрсдийн хүчээр дэлхийн загварын ертөнцөд орж ирэх хэрэгтэй

Сити их сургуулийн “Хүндэт доктор” Хитоши Тажиматай ярилцсан товч ярилцлагыг хүргэж байна.

– Юуны өмнө Сити их сургуулийн “Хүндэт доктор” болсонд баяр хүргэе. Та тус сургуулийн “Хүндэт доктор” цолыг авсан гурав дахь хүн боллоо. Сэтгэгдлээ хуваалцаач?

– Монголын ийм нэр хүндтэй сургуулийн “Хүндэт доктор” болно гэдэг өөрөө маш том хариуцлага юм. Тийм учраас би Сити их сургуулийн загварын оюутнуудыг дэлхийд гаргах, тэднийг сургаж дадлагажуулах талаар их зүйлийг хийх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Би хичээх болно.

– Та Монголд анх хэзээ ирсэн бэ. Монгол орны талаарх анхны сэтгэгдлээсээ хуваалцаач?

– Би Монголд анх хоёр жилийн өмнө ирж байсан. Улаанбаатар хот миний бодож байснаас илүү том, орчин үеийн хот байсан нь намайг гайхшруулсан шүү. Мөн хүмүүсийнх нь хувцаслалт, тэдний загварлаг байдал нь тун сайхан санагдсан.

– Монголын хувцас загварын хөгжлийн талаарх таны бодол?

– Монгол бол үнэхээр гайхалтай түүхтэй ард түмэн. Хувцасны соёлын гайхамшигтай уламжлалтай улс. Монголчууд үндэсний хувцсаа илүү сайн хөгжүүлж, дэлхийд гаргах хэрэгтэй. Ингэж хөгжихийн тулд оюутнууд дизайны чиглэлээр сайн суралцах нь чухал. Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрсдийн хүчээр дэлхийн загварын хөгжилд хувь нэмрээ оруулах, өөрсдийн нэрийг гаргах хэрэгтэй гэж бодож байна.

– Товч ярилцлага өгсөнд баярлалаа.

 Ярилцсан  Г.Тэлмэн