Манай улсад тайзны урлагийн мэргэжилтэн бэлдэж эхлээд 60 гаруй жил болсон ч мэргэжлийн суурь ойлголт өгөхүйц бүтээл өнөө хэр нь үгүйлэгдэж байсан юм. Тиймээс Сити их сургуулийн багш оюутнууд зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагватай хамтран “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номыг  орчуулан гаргалаа. Нээлтийн үеэр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Зочдыг төлөөлж СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал доктор, профессор Ж.Долгорсүрэн “Манай улсын тайзны урлаг бол залуу балчир салбар. Тайзны урлагийн түүхийг өгүүлсэн суурь сурах бичиг хангалтгүй байгаа энэ үед цагаа олсон, сайн бүтээл төрж байгаад уншигчдын өмнөөс талархаж байна. Багш нар оюутнуудтайгаа хамтран ном гаргаж байгаа нь бахархалтай хэрэг” гэлээ.

Харин тус номыг санаачлан орчуулсан, зохиолч орчуулагч Н.Пүрэвдагва “Энэхүү номыг оюутнуудтай хамтран бүтээснээрээ бид зөвхөн эхлэлийг тавьж байгаа. Үүнээс цааш оюутан багш нар маань олон чанартай ном өлгийдөн аваасай гэж хүсч байна. Энэ ном зөвхөн тайзны урлаг биш дэлхийн түүх, нийгмийн сэтгэл зүйн талаарх ойлголтыг агуулсан учир хүн бүр унших нь зүйтэй” гэсэн юм.  Тус номд нэн эртний үеэс театр хэрхэн сууриа тавьж өнөө үетэй золгосон тухай өгүүлэх юм. Түүнчлэн театрын мэргэжлийн хэллэгийн тайлбар толийг эмхэтгэн багтаасан байна.

“Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номыг Cити их сургуулийн долоон багш, төгсөх курсийн 11 оюутан хамтран орчуулжээ.

 

Share this Post

Leave a Comment