“СИТИ” Их сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа БНЭУ-ын ард түмэнд хандивлалаа

Коронавируст цар тахал нь зөвхөн нэг улсын биш дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Цар тахлын хүнд цаг үед Монголын ард түмэнд хамгийн түрүүнд 150 мянган тун AstraZeneca вакцины буцалтгүй тусламж үзүүлж байсан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  гэхэд  коронавируст халдварын тархалт огцом нэмэгдэж, хоногт нас барсан иргэдийн тоо 2500-г даваад байгаа тул олон улс, томоохон байгууллагууд хандив, тусламжийн гараа сунгаж эхэллээ.

Энэхүү арга хэмжээнд “СИТИ” Их сургуулийн нийт багш, ажилчид мөн нэгдэж, нэг өдрийн цалин болох 5.126.000 төгрөг хандивлаж байна.

СИТИ Их сургууль нь БНЭУ-ын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг бөгөөд  тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён М.П.Сингх манай сургуульд зочилж, номын санд  Энэтхэгийн  булан” байгуулж өгсөн нь үүний нэг жишээ юм. Мөн манай багш нараас Энэтхэг Улсад дунд болон богино хугацааны сургалтуудад хамрагдаж байсан болно. 

Аюулт цар тахлыг хамтын хүчээр ялж, сайн сайхан цагийг хамтдаа угтах ерөөлийг СИТИ Их сургуулийн хамт олны зүгээс Энэтхэгийн ард түмэнд хандаж дэвшүүлж байна. Сайн цаг, сайхан ирээдүй ойрхон байна!