“СИТИ” Их сургууль болон "Монголын олон улсын арбитр" хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

“СИТИ” Их сургууль болон Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монголын олон улсын арбитр” эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг нар гарын үсэг зурж, баталгаажуулснаар хамтын ажиллагаа ийнхүү эхлэв.

Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, арбитрын эрх зүйн хичээлийн хөтөлбөрийг “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын хөтөлбөрт тусгах, багш нарыг мэргэшүүлэх, хөгжүүлэх, суралцагсдыг дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулах юм.

Түүнчлэн арбитрын холбогдолтой ном, сэтгүүл хэвлэн нийтлэх ажлыг хамтран зохион байгуулж,  арбитрын ач холбогдол, үйл ажиллагааны онцлог, давуу талыг олон нийтэд таниулах, адаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудын хувьд олон улсын арбитрын үйл ажиллагаатай танилцах, дадлага хийх, цаашлаад ажлын байртай болох боломж нээгдэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үеэр талууд өөрсдийн байр сууриа ийнхүү илэрхийллээ.

“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ:

Монголын олон улсын арбитр нь 1960 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, байнгын арбитрын байгууллага. Тус байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцож өнөөдөр санамж бичиг байгууллаа. Бид арбитрын давуу тал, онцлог, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх оновчтой механизм талаас нь олон нийтэд таниулах, ойлгуулах чиглэлээр хамтран ажиллана. Мөн эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах олон боломж шинээр бий болгоно гэдэгт итгэлтэй байна. “СИТИ” Их сургуулийн тухайд багш, оюутны сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, төгсөгчдөө ажлын байраар хангахад туслах үүднээс энэ жил төрийн болон хувийн хэвшлийн хэдэн хэдэн байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Үүний нэг нь Монголын олон улсын арбитр болж байгаад баяртай байна.

Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг:

Арбитрыг бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянах шийдвэрлэх тогтолцоо, механизм талаас нь жирийн иргэд бүү хэл хуульч нар төдийлөн сайн мэдэхгүй байна. Сүүлийн үед Монголын олон улсын арбитр бусад мэргэжлийн байгууллага, олон улсын арбитрын байгууллагаас гадна боловсролын байгууллагатай хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтын хүрээнд “СИТИ” Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна.

Хоёр байгууллага хамтран ажилласнаар оюутнууд шүүхийн бус журмаар бизнесийн  маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, арбитрын шүүхээс ялгаатай хийгээд давуу тал нь юу вэ гэдгийг нарийвчлан судлах, танин мэдэх боломж бүрдэнэ. Мөн бид эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулж, оюутнуудыг дадлагажуулах, судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, ажлын байраар хангах, цаашид монголд шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо, механизмыг боловсронгуй болгоход хамтран ажиллана” гэлээ.