ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ УЛСЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ-д СИТИ их сургуулийн хамт олныг төлөөлөн Хууль зүйн сургуулийн захирал Б.Одонгэрэл оролцлоо

Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд боллоо. Тус хурлаар шинжлэх ухааны 800 гаруй ажилтнууд “Хандлагаа өөрчилье” уриан дор чууллаа.

Монгол Улсад  эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага 65 бүртгэлтэй байдаг. Үүнд: төрийн өмчийн 35  хувийн хэвшлийн 7 эрдэм шинжилгээний байгууллага, төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 13 их дээд сургууль байгаа юм. Энэ байгууллагуудад 4277 ажилтан ажилладаг. Тэдний төлөөлөл болсон 800 гаруй шинжлэх ухааны ажилтнууд энэ удаагийн хуралд оролцож, Монгол Улсын шинжлэх ухааны түүхэн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэтийн төлөв хандлага, анхаарах асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж санал бодлоо солилцлоо.

Их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үг хэлж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурлын төлөөлөгчдөд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хандлагаа өөрчилье” сэдвийн хүрээнд үндсэн илтгэл хэлэлцүүллээ. Сайд шинжлэх ухааны судалгааны чадамж буюу нэг сая хүнд ноогдох судлаачдын тоогоор (520 судлаач ноогдож буй) Монгол Улс дэлхийн дундажаас 3 дахин хоцорч явааг илтгэлдээ дурдаад төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг 2017-2020 он, 2021-2025 он гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэх тухай танилцууллаа.

Түүнчлэн сайд хэлэхдээ сүүлийн 10 жилд Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо тасралтгүй (5.1 дахин) өссөн сайн мэдээ байгаа хэдий ч, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс бага, ажиллах орчин нөхцөл, лабораторийн тоног төхөөрөмжийн хангалт муу, судалгаа боловсруулалтын ажлын санхүүжилт хангалтгүй байгаа зэрэгтэй холбоотойгоор эрдэм шинжилгээний ажилтны тоо жилээс жилд цөөрөх хандлагатай байгааг онцоллоо.

Тэрчлэн сайд Ё. Баатарбилэг эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нягтруулах, ёс зүйн харилцаанд өөрчлөлт оруулах, менежментийн дорвитой өөрчлөлт хийх, салбар дундын нээлттэй лаборатори байгуулж ашиглах зэрэг олон санал дэвшүүлж, хуралд оролцогч нийт эрдэм шинжилгээний ажилтнууддаа хандлагаа өөрчлөхийг уриаллаа.

Мөн Их хурлын үеэр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц”, “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт”, “Шинжлэх ухаан, технологи ба түншлэл” гэсэн 4 салбар хуралдаанаар асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэн, салбар хуралдааны санал дүгнэлтийг нэгдсэн хурлаар авч хэлэлцсэнээрээ хурал онцлог боллоо.

Хурлын үйл ажиллагааны төгсгөлд хурлын төлөөлөгчид Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө дурсгалын зураг авхуулж, “Сарьдагийн хийд”-ийн үзэсгэлэн үзэж, БСШУСЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгтэй танилцаж, хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцлоо.

Энэхүү 2 өдөр хуралдсан шинжлэх ухааны салбарын ажилтнуудын Анхдугаар Их хурал тодорхой шийдлүүдэд хүрсэн, цаг үеэ олсон, үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.