Эсээ бичлэгийн уралдаан боллоо

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан СИТИ их сургуулийн Оюутны холбооноос оюутнуудын дунд “Ёс зүй бол амьдрах урлаг” эсээ бичлэгийн уралдаан зарлан дүнгээ гаргалаа. Эсээ бичлэгийн уралдаанд 23 оюутан өөрсдийн бүтээлээ ирүүлснээс эхний 5 байрт дараах оюутнуудын бүтээл шалгарчээ. Үүнд:

I байр Б.Отгонцэцэг. Сэтгүүл зүйн III курсын оюутан

II байр Б.Сайхандэлгэр. Агаарын тээврийн үйлчилгээний менежментийн I курсын оюутан

III байр Ч.Булгантамир. Маркетингийн II курсын оюутан

IV байр Э.Хонгорзул.  Агаарын тээврийн үйлчилгээний менежментийн II курсын оюутан

V байр Б.Номин. Агаарын тээврийн үйлчилгээний менежментийн II курсын оюутан

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудын бүтээлийг бид цувралаар та бүхэндээ хүргэж байна. Энэ удаа I байр эзэлсэн СИТИ их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн III курсийн оюутан Б.Отгонцэцэгийн бүтээлийг нийтэлж байна.

 

Ёс зүй бол амьдрах урлаг мөн

       “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэг үгийг мэдэхгүй хүн ховор биз. Энэ үг бидэнд танил болох шалтгаан юу байв? Тийм ээ таны зөв. Бие засах өрөөний хана, хаалган дээр ихэвчлэн энэ үгийг байршуулсан байдаг. Хүмүүсийг зүй бус үйлдэл бүү гаргаасай гэж л үүнийг бичдэг байх.

      Би энэ үгийг олон удаа уншиж байсан ч нэг л өдөр энэ үгийг харах өнцөг минь өөрчлөгдсөн юм. Арга мухардсан хүний хийж байгаа эцсийн өрөвдөлтэй үйлдэл юм шиг санагдаад инээд хүрэх, гэмших, ичих мэдрэмж төрч билээ. Бид биеэ зөв авч явдаг, бие засах өрөөнд ч гэсэн зөв боловсон ороод гардагсан бол энэ үгийг заавал энэ өрөөний ханан дээр байршуулах шаардлагагүй мэт санагдана. Хамгийн энгийн мөртлөө хэний ч анзаардаггүй жишээ. Бас хамгийн ичгүүртэй. Бусдын нүдэн дээр сахиусан тэнгэр шиг аяглаж, нүднээс далд ад чөтгөр шиг зан гаргадаг ёс зүйгүй хүмүүс бидний эргэн тойронд элбэг. Бүх зүйлийг бусдаар хэлүүлж, заалгаж, хараа хяналтад л байвал ёс зүйтэй байх уу?

      Дүрэм журам бидэнд ямар ач холбогдолтой вэ? Нийгмийг илүү аюулгүй, эмх замбараатай байлгах үүрэгтэй. Хүн бүрт нийцүүлж дүрэм журам, хууль тогтоол батлах ямар ч боломжгүй учраас дийлэнхийн эрх ашгийг харгалзан баталдаг.  Заавал дагаж мөрд эсвэл хуулийн хариуцлага хүлээ гэсэн цорын ганц зарчимтай. Товчхондоо энэ. Энэхүү үзэл бодлоо дараах жишээгээр баталгаажуулъя. Би өөрийн дургүй хэн нэгэнд өш санасан учир ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэл бичиж олон нийтэд түгээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнд: “Хүний нэр төр, алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.

      Тэгвэл ёс зүй бидэнд ямар ач холбогдолтой вэ? Биднийг хүнлэг энэрэнгүй, зөв боловсон байхад тусалдаг. Ёс зүйтэй байх талаар хатуу чанд хуульчилсан зүйл заалт байдаггүй. Тийм болохоор заавал дагаж мөрдөхгүй байж болох юм шиг ойлголт төрөх байх. Таны зөв хэн ч таныг ёс зүйтэй бай гэж шаардахгүй. Шаардлага тавьсан ч биелүүлээгүй тохиолдолд хэзээ ч таныг торгохгүй. Ёс зүй бол таны ухамсраас урган гарч байгаа тэр зүйл. Хүмүүс таныг хүчлэхгүй, шахаж шаардаагүй нөхцөлд биеэ хэрхэн авч явж байгаагаар илэрхийлэгдэнэ. Ёс зүйгүй байдлын нэгэн жишээг доор өгүүлье. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ оны  арваннэгдүгээр сарын 11-ний дугаарын зочноор иргэн Б.Болороо оролцлоо. Түүний яриан дундаа дурдаж байгаа жишээ болгон сэтгэл эмзэглүүлэм байсан. Учир нь тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Ердөө “хөгжлийн бэрхшээлтэй” гэх хоёрхон үгнээс шалтгаалан нийгэм түүнд ямар олон удаа ёс зүйгүй, бүдүүлэг хандаж байсныг тэр гэрчилсэн юм. Эдгээрийн нэг нь түүнийг хэвлий дэх үрээ төрүүлэхээр эмнэлэг бараадах үед тохиолдож байсан жишээ. Үзлэгт хамрагдахаар эмнэлгийн орон дээр түүнийг нөхөр нь өргөж гаргах үйл явцыг харж байсан эмч сувилагчид “Энэ нэг хоёр юм төрөх гээд л байгаа юм байх даа, нөхрийнх нь гарыг хардаа, төрч чадах л юм байх даа, за одоо төрөг дээ” хэмээн хоорондоо ярилцаж байсан гэнэ. Энэ үед иргэн Болороо “өөрийгөө хүн биш юм байна” гэх мэдрэмжийг авсан гэв. “ Эмчлүүлэгчийн биеийн байдал, өвчний түүх хувийн нууцийн хуулиар хамгаалагддаг гэтэл зүгээр нэг хов ярьж байгаа хүмүүс шиг хээв нэг яриад байсан” гэдгийг ч хэлэв. Энэ бол ёс зүйн зөрчилтэй хамгийн ойрын жишээ. Үүнээс илүү нийгмийг цочирдуулсан, зэвүүцэл, дүргүйцлийг хүргэсэн жишээнүүд цөөнгүй. Бусдын жишээг хараад “арай ч дээ” гэж дуу алдаж байвч бид өөрсдөө ч мөн адил санаатай болон санаандгүй байдлаар олон ёс зүйгүй үйлдэл гаргаж байдаг. Олон нийтийн газар чанга ярих, утасныхаа дууг хаахгүй байх, хүний хөлөн дээр гишгэчихээд уучлалт гуйхгүй өнгөрөх, хогоо ил задгай хаях, харилцагчтайгаа ам булаалдан ярих, өөрийн үзэл бодлоо бусдад тулган улайрах гэх мэт жижигхэн юм шиг санагдавч бусдын дургүйцлийг хүргэдэг олон үйлдлүүдийг хийдэг.

      Бидний амьдарч буй нийгэм иргэдээ мэдлэгтэй, мэргэжилтэй байхыг шаарддаг байсан бол харин одоо хувь хүний зан чанар, хандлага, ёс зүйг илүү анхаардаг болсон. Энэ талын хөгжлийг цаашдаа ч анхаарах шаардлагатай бөгөөд ёс зүй, харилцааны соёл бол хувь хүний илэрхийлэмж гэдгийг иргэн бүрт бага боловсролын үеэс нь төлөвшүүлэх нь нэн чухал. Монголчууд эрт дээр үеэс ёс зүйн боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх харилцааны 80 хувь нь гэр бүлд оногддог хэмээн үзэж байсан тул хүүхдээ 0-3 насанд нь хаан мэт тахи, 4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13-25 насанд нь хань мэт зөвлө” хэмээн сургаж байжээ. Бүх боловсролын суурь гэр бүлийн хүмүүжил гэдэг. Тиймээс ёс зүйтэй гэр бүлд өссөн хүн ёс зүйтэй хувь хүн болон төлөвшиж цаашлаад ёс зүйтэй нийгмийг цогцлооно.

      Миний дүгнэж байгаагаар ёс зүйтэй байна гэдэг нь бусдын оронд өөрийгөө тавьж үзэх. Хийсэн үйлдэл, хэлсэн үг минь бусдад хэрхэн нөлөөлөх талаар тооцоолж чаддаг байх явдал юм. Жишээ нь өнөөдөр би хог түүж амьдардаг нэгэн хүүхдийн зургийг аваад олон нийтийн сүлжээнд байршууллаа гэж бодъё. Миний хувьд тухайн хүүхдийн болон түүнтэй ижил нөхцөлд байгаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө үүнийг хийж байна хэмээн итгэж бодит байдлыг олон нийтэд харуулж асуудлыг шийдэх ёстой хэмээн үзжээ. Үүний дараагаар тухайн зургийг үзсэн хүн болгон “ямар хүнд нөхцөлд байна вэ, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, цаашлаад үүний шалтгаан нь гэр бүлийн салалт, нийгмийн ядуурал” хэмээн олон янзын асуудал дэвшүүлэн хэлэлцэж зорилтот бүлэгдээ хүрлээ. Миний ажил бүтсэн, дэвшүүлсэн санаа минь маш оновчтой байж чадлаа. Гэтэл би нэг зүйлийг орхигдуулсан гэдгийг анзаарав. Тэр нь юу вэ гэвэл тухайн зурган дээрх хүү бие хүн болж төлөвшөөд нийгэмд хөл тавихад хүмүүс түүнийг “хог түүдэг хүүхэд” гэсэн өнцгөөс харна. Энэ нь цаашлаад түүнийг насан туршид нь дагах бөгөөд эргэн тойрны хүмүүст нь, тухайн хүний сэтгэл зүйд, гэр бүл зохиоход, ажилд ороход тэр бүү хэл түүнийг үр хүүхэдтэй болоход ч яригдсаар л байх болно. Тиймээс хийх үйлдэл болгоныхоо гарах үр дагаврыг харгалзан үздэг, бусдын зовлон шаналалд хүндэтгэлтэй ханддаг байх нь ёс зүйтэй амьдралын үндэс юм. Ёс зүй гэдэг зүйл энэ нийгэмд таныг ямар байр сууринд байхыг тодорхойлдог хүчирхэг зүйл билээ. Тиймээс амьдралын алхам бүрт зөв боловсон, ёс зүйтэй байхыг эрхэмлэж явууштай.