“Evening gown” гоёлын даашинзны шалгаруулт болов

СИТИ их сургуулийн Барилга архитектур, дизайны сургуулийн Хувцас дизайны тэнхимээс “Evening Gown” гоёлын даашинзны үзүүлбэрийг зохион байгууллаа. Уг үзүүлбэрт тус сургуульд хувцасны дизайны мэргэжлээр суралцдаг I-IV ангийн оюутнууд бүтээлээрээ оролцлоо.

Дээрх үзүүлбэр нь тус сургуульд хувцасны дизайны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг сорих, шинэ жилийг угтсан  гоёлын даашинзны шинэ урсгал загварын чиг хандлагыг танилцуулах үндсэн зорилготой байв.

Үзүүлбэрт оролцсон оюутнууд долоо хоногийн хугацаанд гоёлын даашинзны шинэ загварыг бэлтгэн үзүүлжээ. Эхний шатанд нийт  38 даашинзны загвар ирснээс мэргэжлийн багш нар хувцас чимэглэл, зүүлт зэргийг цогц байдлаар бэлтгэсэн 27 даашинзны загварыг сүүлийн шатны үзүүлбэрт оруулахаар шалгаруулсан байна.

Сүүлчийн шатны үзүүлбэрт оролцсон оюутнуудаас Хувцасны дизайны II ангийн оюутан Э.Энхбазарын урласан “Мадам” загвар тэргүүн байр, Хувцасны дизайны IV ангийн оюутан Б.Энхгэрэлийн  “Гоёл” загвар II байр, Хувцасны дизайны I ангийн оюутнуудын хамтын бүтээл “Анжел” загвар III байрыг тус тус эзэллээ.

Тэрчлэн дизайнер оюутан Энх-Уянга, Ариунхур, Ариунбуян, Дэлгэржаргал, Намуунаа, Жавзандаарий нарын загвар  онцгой содон байж, үзүүлбэрийг үзэж сонирхсон олны нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгаж байлаа.

Үзүүлбэрт оролцсон оюутнуудын гоёлын даашинзны загваруудыг шалгаруулахдаа хэрэглэгчийн сонирхлыг илэрхийлэх, биеийн галбир хэв маягт тохируулах,  өөрийгөө илэрхийлэх санаа зэргийг харгалзан үзлээ гэж шүүгч багш нар хэлэв. Уг курсын ажлаар хийсэн бүтээлүүдээс шинэ жилийн гоёлын даашинзны загвар,  дэлхий нийтийн загварын  өнгө чимэглэл, аксесуарын  чиг хандлага ямар байгааг харж болохоор байв.