“Миний мөрөөдлийн сэтгүүл зүй” шилдэг эсээ

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2019”-г угтан зохион байгуулсан “Миний мөрөөдлийн сэтгүүл зүй” эсээ бичлэгийн уралдаанд Сити их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн III курсын оюутан Г.Тэлмэн амжилттай оролцож “Шилдэг 10”-т шалгарсан юм. Бид оюутан Г.Тэлмэнгийн “Миний мөрөөдлийн сэтгүүл зүй” эсээг нийтэлж байна. 

Миний мөрөөдлийн сэтгүүл зүй

Сошиал медиа мэргэжлийн сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?

Сүүлийн үед хүн бүхэн л ёс зүй гэж ярих боллоо. Тун сайн хэрэг. Монгол маань хэт даяаршиж байна гэж шүүмжилж байгаа хүмүүс бишгүй их харагддаг. Авах гээхийн ухаанаар юманд хандаж байгаарай гэж эмээ өвөө нар маань захидаг байсансан.  Гаднын соёл манайд орж ирж байгаа нь нэг талаараа бид бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болж, дургүй зүйлээ дургүй гээд хэлж, ёс зүйгүй хүн байвал тэр хүнийг шүүмжлэх гээд л дор бүрнээ хөгжин төлөвшиж байна. Тэгвэл ер нь ёс зүй гэж юу юм бэ?

Ёс зүй нь гүн ухааны нэгэн салбар бөгөөд ёс зүйн талаарх асуудлуудыг судалдаг ухаан юм. Жишээлбэл, сайн эсвэл муу, зөв эсвэл буруу, сайн үйл эсвэл муу үйл, хууль дүрэм эсвэл гэмт хэрэг гэх мэт. Ёс суртахууны үндсэн дөрвөн зарчим байдаг нь “Бусдыг үл хорлон буяныг үйлдэх”,” Бусдад хүч үл хэрэглэн эвийг хичээх”, Ү-л бузарлан сэтгэлийг ариусгах”, “Аливаад үл булхайдан шударгыг эрхэмлэх” юм. Аристотель ёс зүйг хүний сайн сайхан үйлийг хэлнэ гэж илэрхийлсэн байдаг. Энэ үгтэй би санал нэгддэг. Хаа нэгтээ хүмүүс нэг нэгнийгээ “энэ ямар ч ёс зүйгүй хүн бэ” гэж шүүмжилж байгаа харагддаг. Яагаад ингэж хэлэхэд хүрэв?  Бодож үзье. Ээж, хүү 2 байлаа. Ээж нь хүүдээ шаардлага тавьж байхад хүү нь ээжтэйгээ үеийн нэг найзтайгаа ярьж байгаа юм шиг ярьж, уурлаад ээжийгээ хүмүүсийн нүдэн дээр доромжлоод явбал хүмүүс юу гэж хэлэх вэ? Ямар хүмүүжилгүй, ах захаа мэдэхгүй хаашаа янзын хүүхэд вэ гэж хэлэх биз. Нэг ёсондоо ямар ёс зүйгүй хүүхэд вэ л гэж байгаа хэрэг.

Тэгвэл хэрхэн ёс зүйтэй байх вэ? Бусдыг хүндэл, бусдыг хайрла. Үүнийг нэн ялангуяа сэтгүүлчид бид илүү үлгэрлэх хэрэгтэй мэт санагдах юм. Одоо цагт энэ бүх зүйлс “Сошиал ертөнц”-өөр илэрхийлэгддэг болжээ. Өнөөдөр та хэн нэгнийг хүндэлж, хэн нэгнийг хайрлавал маргааш таныг хэн нэгэн хүндэлж, хайрлах болно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэсэн үг байдаг. Ёс зүйг цас гэж бод. Харин ёс зүйгүй байдлыг мөндөр гэж бод. Та толгой дээрээ алийг нь буулгахыг хүсч байна? Хүсч байгаа зүйлээ та эхлээд хийх хэрэгтэй.

Сэтгүүлч хүний ёс зүй дээд хэмжээнд байх хэрэгтэй гэж би боддог. Хараахан төлөвшиж амжаагүй байгаа энэ ёс зүйг бид сурталчилж биеэрээ болон үг хэлээрээ үлгэрлэж үзүүлэх учиртай. Сэтгүүл зүйн ёс зүйн гол зорилго нь “Ёс зүйг ойлгож, чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх”. Мэдээж сэтгүүлч мөн үйлчлүүлэгчийн хооронд ёс зүйн маргаантай асуудлууд тулгарна. Жишээлбэл, арьс өнгө, шашин, үзэл бодол гэх мэт. Бид бүхэн хувь хүний ялгаатай байдлыг хүндлэх ёстой. Бусдын нууцыг хадгалах ёстой.  Өнөөдөр тантай уулзаж байгаа хэн нэгэн таныг л гэж ирээд, өөрийнх нь эдэлж буй зовлон нэгт хүмүүст урам өгөх гэж, зөвлөгөө, тусламж авч асуудлаа шийдэхийг хичээж байгаа боловч тэр хүн сэтгэл гонсгор, хүссэн зүйлээ авч чадахгүй буцвал сэтгүүлч үүргээ биелүүлэхгүй байна аа гэсэн үг.

М.Вагол (АНУ) “Бидний мэргэжил бол сонсох, бүх хүмүүсийг чин сэтгэлээсээ сонсох” гэж хэлсэн байдаг. Сэтгүүлч хүн ямагт бусдыг нэгд тавьж, тэр хүний зовлонг өөрийнх юм шиг мэдрэн ойлгож тэр хүний оронд тэр хүн болох хэрэгтэй. Товчхондоо сэтгүүлч хүн ёс зүйг дээдлэн баримталж, бусдыг хүндэлж байх хэрэгтэй. Зөвхөн энэ мэргэжлийн хүмүүс ч биш хувь хүн бүр ийм болох хэрэгтэй. Үүний тулд, хүмүүсийг эерэг зөв хандлагатай болгож, нэгнээ хүндлэн, хайрлах нинжин сэтгэлтэй болгож дэлхийг хайраар тэврэхийн тулд сэтгүүлчид бид бүхэн байгаа юм.

Сошиал медиагаар хайрыг түгээцгээе, үлгэрлэцгээе, жишээ болцгооё. Баярлалаа.