Э.Мягмаржав Соёлын тэргүүний ажилтан боллоо

СИТИ их сургуулийн Оюутны театрын эрхлэгч Э.Мягмаржав Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнууллаа.

Э.Мягмаржав 1998 онд Увс аймгийн “Ойрад” театрт дагалдан дуучинаар орсноос эхлэн эдүгээ хүртэл 20 гаруй жил урлагийн салбарт ажилласан хөдөлмөр бүтээлийг үнэлэн ийнхүү дээрх шагналыг олгосон байна. Тэрбээр “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга, Булган аймгийн Театр киноны хүрээлэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг газарт дуучнаар ажиллан уран бүтээлээ туурвиж байсан юм.

Э.Мягмаржав ардын болон зохиолын 100 гаруй дуугаар  өөрийн урын сангаа баяжуулж,  ”Ээрэн хүрээ”, ”Далан худалч”, ”Сүнжидмаа” зэрэг дуулалт болон театрын 7 жүжигт гол болон туслах дүр бүтээжээ. Тэрбээр Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад ажиллахдаа Монгол орноо 2 удаа тойрон аялж, хилчид болон хил дагуух ард иргэдэд уран бүтээлээ хүргэж байв. Тэрчлэн ОХУ-ын Тувагийн бүх дүүргээр аялан тоглож, мөн Халимагын Бүгд найрамдах улсад ”Ээрэн хүрээ” дуулалт жүжгээ толилуулж байв.

Тэрбээр нийтийн дуучидтай хамтран Монгол орныхоо 21 аймаг 300 гаруй сумдаар аялан тоглож байсан төдийгүй, Булган аймгийн театрын тайзнаа 2 удаа, Увс аймгийн театрын тайзнаа 2 удаа, Улаанбаатар чуулгын тайзнаа МУСТА хөөмийч Л.Лхамрагчаатай хамтран ”Хөөмийн эгшигтэй дуун цацал” уран бүтээлийн бие даасан тоглолтоо өргөн барьж байв.

Э.Мягмаржав дараах уралдаан тэмцээнд амжилттай оролцож байжээ.

  1. “Цэцэгсийн үнэр” шоу уралдааны тэргүүн байр. 2000 он.
  2. ОХУ-ын “Хакасын одод” уралдааны III байр. 2002 он.
  3. “Улиастайн хавар” дууны уралдааны тэргүүн байр. 2003 он.
  4. МУГЖ С.Вандан Д.Дуламсүрэн нарын нэрэмжит хос дуучдын дууны уралдааны гранпри шагнал. 2004 он.
  5. “Булганы уянга” дууны уралдааны тэргүүн байр. 2005 он.
  6. 25 дугаар телевизээс зохион байгуулсан “20 дугаар зууны шилдэг 25 дуу”-ны уралдааны II байр. 2008 он.
  7. Хилийн сэдэвт дууны уралдааны III байр (2016 он)-ын шагналтай дуучин юм.

Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Э.Мягмаржавтаа СИТИ их сургуулийн хамт олноос цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.