Мужаан Ч.Эрдэнэбаяр “Алтан гадас”-аар энгэрээ мялаалаа

СИТИ их сургуулийн мужаан Ч.Эрдэнэбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг 2020 оны 02 дугаар сарын 20-ны билэгт сайн өдөр тус сургууль дээр гардуулж өглөө.

Сити их сургуулиар ороход хамгийн түрүүнд тус сургуулийн гадаад, дотоод тохижилтын гайхалтай шийдэл, гүйцэтгэл нүдэнд тусдаг. Даан ялангуяа “Байгаль” цэцэрлэгийн тохижилт бусдаас ялгардаг. Мөн тус сургууль  нь 2018 онд “Нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарч байлаа. Энэ бүгд мужаан Ч.Эрдэнэбаярын сэтгэл зүтгэл, гарын ур дүйтэй холбоотой билээ. 2016 онд СИТИ их сургууль өргөтгөл хийж, “Б” байрыг барьж, их хэмжээний мод, огтлол зэрэг илүүдэл гаргахад түүнийг зүгээр нэг хог гээд хаячихсангүй. Харин тэр бүгдийг ашиглан “А” болон “Б” блокын дотор интерьер засалд ашигласан нь эдүгээ мужаан хүний бурхан ухаан, гарын  ур хийцийн сайхныг илтгэн гайхуулсаар байдаг. Тайраад хаясан модны өчүүхэн хэсэг ч уран гараар орохоороо урлагийн бүтээл болдогийг манай Ч.Эрхэмбаяр харуулж чадсан билээ.

СИТИ их сургуулийн гадаад орчин, түүний тохижилт мөн л энэ хүний ажилсаг гартай холбоотой. Жижиг гэлтгүй хогийн модон сав, гадаа нарлах сандал, сүүдрэвч зэргийн шийдэл сургуулийн орчинд өөр аль ч газар харагддаггүй  өвөрмөц нэгэн өнгийг нэмж байдаг. Тийм ч учраас төр засаг энэ хүний уран гараар бүтсэн урлагийн бүтээл, ажилч хичээнгүй сайхан чанарыг үнэлэн өөгшүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас”-аа хайрласан биз ээ.

Мужаан Ч.Эрдэнэбаяртаа төрийн өндөр дээд шагнал авсанд нь СИТИ их сургуулийн хамт олон баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсч, гэр бүлд нь, өөрт нь эрүүл энхийн жаргаланг хүсэн ерөөе.