СИТИ их сургуулийн гадаад харилцаа

Өнөөдөр СИТИ их сургуулийн 6 салбар сургуульд 30 гаруй хөтөлбөрөөр Бакалавр, Магистр, Докторын түвшинд нийтдээ 1500 гаруй оюутан суралцаж байна. Манай сургуулийн давуу тал бол сайн хөгжүүлсэн ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА болон хотын А зэрэглэлийн бүсэд орших сургуулийн БАЙРШИЛ юм.

Бид Орос, Хятад, Солонгос, Япон, Филиппин, Сингапур, Франц улсын 20 гаруй их, дээд сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улсад өөрийн гэсэн байр суурьтай, амжилттай яваа сургуулиудын нэг юм. Манай сургууль 2018 онд” Шилдэг гадаад харилцаатай сургууль”аар шалгарсан.

Бидний түншүүдийн дотор Сингапур улсын Наньяны технологийн их сургууль (https://www.ntu.edu.sg/Pages/home.aspx), Солонгос улсын Пусаны их сургууль (https://www.pusan.ac.kr/eng/Main.do), Францын Софиа Антиполис (http://unice.fr/)  зэрэг улсдаа төдийгүй тив, дэлхийн хэмжээнд эрэмбэлэгддэг сургуулиуд байдаг. Энэ нь манай сургуулийг олон улсын тавцанд ямар нэр хүндтэйг харуулж байна. СИТИ их сургууль гадаадын их, дээд сургуулиудтай дараах чиглэлээр хамтран ажилладаг.

  • Харилцан туршлага судлахаар оюутан, багш, ажилтны солилцоог хөгжүүлэх;
  • Сургалтын хамтарсан хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Багш, ажилтнуудад судалгааны ажил эрхлэх боломж, нөхцөлийг нэмэгдүүлэх; хөгжүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийн мэргэжил, чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийх, холбогдох мэдээллийг харилцан солилцох;

Манай хамт олон олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцдог. Үүний тод жишээ бол 2014 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны ERAMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ хөтөлбөрийн Монгол улс дахь түнш байгууллагаар бид сонгогдон ажиллаж, уг хөтөлбөрийн хүрээнд 2015-2019 онуудад нийт 30 гаруй багш, магистрант, ажилтан Франц, Итали, Польш улсад амжилттай суралцаж ирсэн байна.

2019-2020 оны хичээлийн жилд Франц улсын Ницца Софиа Антиполис их сургуультай хийсэн гэрээгээр бизнесийн удирдлага, аялал жуулчлалын магистрын 4 оюутан солилцоогоор тэнд очиж, мэргэжлийн мэдлэг, чадвараа дээшлүүлж байна.

Энэтхэг улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2 багш 2020 оны өвөл Энэтхэг улсад англи хэлний сургалтанд хамрагдахаар боллоо.

Бид БНСУ-ын Уюдук их сургуультай Зочлох үйлчилгээ, Онгоцны үйлчлэгчийн бакалаврын хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхлэн, эхний 7 оюутан Солонгос улсад 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралаас суралцаж байна.

Түүнчлэн бид олон улсын оюутны интерншип буюу мэргэжлийн цалинтай дадлагыг Япон улсын аялал жуулчлалын салбарын байгууллагатай хамтран явуулж, одоогоор нийт 30 гаруй оюутан хамрагдаад байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөр үргэжлэх юм.

Сургуулийн багшлах бүрэлдэхүүн дотоод болон гадаад улсад Ph.D хамгаалсан, магистр цолтой багш нараас бүрдэж байгаа ба 2017 онд Монгол дахь “FARO” International Educashion Group- ийн олон улсад багшлах эрхийн сургалтыг амжилттай дүүргэсэн англи хэл, франц хэлний DALF C2 дипломтой багш нар хичээл зааж байна. Мөн Япон, БНСУ-ийн мэргэжилтэн багш нар үндсэн багшаар ажилладаг ба гадаад хамтын ажиллагааны хүрээнд хамтрагч сургуулиудаас зочин багш нар ирж сургалт зохион байгуулдаг.

Сити сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутны тоо жилээс жилд улам бүр өсч, өнөөдөр БНХАУ, Япон, Филиппин, Швейд улсаас оюутан бүх түвшинд суралцаж байна.

Манай бас нэг давуу тал бол УБ хотын “А” бүсийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын баруун эрэгт орших байрлал ба 5760 м2 талбай бүхий орчин үеийн сургуулийн хоёр барилга оюутнуудад сурч боловсроход таатай гадаад болон дотоод орчинг бүрэн дүүрэн бүрдүүлж чадсан юм.