© СИТИ ИХ СУРГУУЛЬ

БИДНИЙ ТУХАЙ

СИТИ их сургууль байгуулагдсаны 20 жилийн ой 2018 онд болно. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон их зүйлийг хийж бүтээжээ. Бид материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд жилээс жилд хөгжин бэхжиж байна. Үүрэг зорилгоо ухамсарласан, ёс зүй, соёлын хэм хэмжээг эзэмшсэн олон зуун мэргэжилтэн эх орондоо бэлтгэн гаргалаа.
Манай гадаад харилцаа өргөжиж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буй нь СИТИ их сургууль олон улсын төвшинд хүрсэн шилдэг их сургууль болох үндэс суурийг тавьж байна гэж бид үзэж байна. Манай эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсад, оюутан залуус цаашид улам ихийг бүтээж, Монгол улсын боловсролын салбарт дорвитой хувь нэмэр оруулах болно.
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
СИТИ их сургуулийн ерөнхийлөгч Ц. Байгалмаа /Ph.D.проф/
dle templates freefilm online

Сайн байна уу? СИТИ их сургуулийн веб сайтын зочин танд талархал илэрхийлье! Манай сургууль анх 1998 онд байгуулагдсан. 2005, 2010 онд Монгол улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндсэний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 2012 онд БСШУЯ-нд аттестатчилагдсан.

СИТИ их сургууль нь:

  1. Бизнесийн сургууль
  2. Барилга, Архитектур-Дизайны сургууль
  3. Урлагийн сургууль
  4. Гоо сайхны сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулиудтай. Эдгээрт 1000 гаруй оюутан, суралцагсад нийт 20 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын төвшинд суралцаж байна. Зах зээлийн өрсөлдөөнт өнөө үед бидний нэг давуу тал бол БАЙРЛАЛ бөгөөд Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс, Сэлбэ голын баруун эрэгт, сургалт явуулахад нэн тааламжтай орчин нөхцөл бүрдсэн газарт оршдог. Манай сургууль 6480 м.кв ашигтай талбай бүхий орчин үеийн, тохилог хичээлийн хоёр байртай.

Гадаад харилцааны салбарт олон ажлууд хийгдэж, 2013 оноос Европын Холбооны ээд боловсролын тэтгэлэгт солилцооны Erasmus Mundus, 2016 оноос "Их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх Erasmus +төслүүд тус тус амжилттай хэрэгжиж байна.

2017-2018 оны хичээлийн жилээс мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах зорилт хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь манай сургуулийг олон улсын төвшинд хүргэх чухал алхам юм. 

СИТИ их сургуулийн

    • Уриа: "Таны ирээдүй- бидний бахархал.
    • Эрхэм зорилго: "Хүнлэг, соёлтой, өндөр мэдлэг, чадвар бүхий иргэнийг бэлтгэнэ.
    • Алсын хараа: "Дэлхийн боловсролыг Монголд эзэмших боломж олгоно”.

Mонгол улсад одоо төрийн болон төрийн бус өмчийн 95 сургууль байна. Тэгвэл та эдгээр сургуулиас алийг нь сонговол зохистой вэ? Элсэгчдийн зарим нь ямар ч байсан улсын сургууль дээр гэсэн хуучинсаг үзэл бодлоор, эсвэл олон оюутантай, мундаг сургууль гэсэн сүржин рекламаар, эсвэл төлбөр нь хямд, амар юм гэх зэргээр сонгодог. Юутай ч та сайтар тунгааж, боломжтой бол нүдээрээ харж, танилцаж байж сургуулиа сонгох нь чухал. Байгууллагууд төгссөн сургууль, дипломыг нь хараад ажил олгож байна уу? Эсвэл чадварыг нь харж байна уу? Дэлхий глобалчлагдсан өнөө үед боловсролын чиг хандлага ямар байна? гэх мэт олон асуулт өөртөө тавьж, ухаалаг хүмүүстэй зөвлөн сонголтоо хийх нь таньд ашигтай. Өнөөдөр дэлхийн шилдэг сургуулиудын ихэнх нь хувийн сургууль байгаа нь бодит үнэн бөгөөд Монгол улсын СИТИ их сургууль ч гэсэн тэр чиг замаар явж байгаа гэдгийг дуулгаж буйдаа бид баяртай байна.

Сургуулийн дэд бүтэц

"СИТИ – кампус буюу СИТИ хотхон" - Улаанбаатар хотын "А” зэрэглэлийн бүс буюу Сэлбэ голын баруун эрэгт байрладаг. Манай сургуулиас холгүй Монгол улсын Төрийн ордон, 1921 оны Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагчдын нэг их жанжин Д.Сүхбаатарын талбай, УДБЭТ, мөн АНУ, Энэтхэг, БНХАУ- ын Элчин Сайдын Яамд оршдог. Нийслэлийн хамгийн том худалдааны төв E-MART, Номин супермаркет ойрхон тул оюутан та дэлхийн жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээгээр үйлчлүүлэх боломжтой. Манай сургуулийн гадна талбайд буй зуу гаруй нэр төрлийн мод, бяцхан цөөрөм бүхий "Байгаль” бичил цэцэрлэг, цэвэр үзэмжтэй зассан зам талбай зэрэг нь сурах орчинг бүрдүүлж, тав тухтай суралцах нөхцлийг бий болгсон.

Хичээлийн байр анги, танхим: Манай сургууль 6480 м.кв ашигтай талбай бүхий хичээл, сургалтын 2 байртай. Энэ оны 5 дугаар сард нээлтээ хийж буй "Б” байр өнгө үзэмж, дотоод засал-интерьер, зай талбайн хувьд сонирхолтой бүтээгдсэн бөгөөд та хаалга татан орж ирээд Монгол улсад анх удаа таригдсан халуун орны "Дал” модноос эхлээд ховор ногоон ургамал, цэцэгсийн хажууд сууж, эсвэл модон гүүрэн дээр зогсон орчныг ажингаа, хичээлээ давтан суух бүрэн боломжтой. Энэ бяцхан байгууламж манай сургуулийн өнгө төрхийг бусдаас ялгаруулж буй нэг онцлог билээ.

Манай сургууль мэргэжил бүрд шаардлагатай анги, танхим, лаборатори, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Сүүлийн үеийн 10000 гаруй нэн хэрэгцээт ном сурах бичиг, уншлагын болон эрдэм шинжилгээний номын сантай.

Төгсөх курсын оюутнууд ажлын байр, дадлагажих газраа олоход нь болон сургалт-дадлагыг холбоход Европын Холбооны "Erasmus+ төслийн хүрээнд хийгдэж буй "Бизнес төв” танд тусална.

Спорт заал 

Шинээр ашиглалтад орж буй "Спорт заал” Монгол улсын бусад аль ч сургуульд байхгүй, стандарт төвшинд баригдаж, тоноглогдсон бөгөөд өндөр нь 9м - 12м байгаа нь сагсан бөмбөг сонирхогч оюутан залууст дуулгах таатай мэдээний нэг гэдэгт итгэлтэй байна.Үүний зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй дүш болон хувцас солих өрөө байгаа гэдгийг нэмж дурдъя. Та Америкийн NBА-ийн тамирчин лугаа мэргэжлийн талбайд тоглож, уралдаан тэмцээнд оролцох хүсэлтэй бол хичээгээрэй! Үзэгчдийн суудал 400 гаруй хүний багтаамжтай бөгөөд энэ нь мөн л манай улсын сургуулиуд дотроо цорын ганцад тооцогдоно гэдгийг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл таны тоглолтыг багийн тоглогчид, ангийн тань хэдэн оюутнаас гадна цөөнгүй хүн үзэх хангалттай орон зай бий.
Оюутны дотуур байр
Суралцах мэргэжил, сурах сургуулиа сонгосны дараах нэг чухал асуудал бол оюутны дотуур байрны асуудал мөн. Тэгвэл та энэ талаар санаа битгий зов! Бид орон нутгаас ирсэн оюутнууд болон гадаадаас ирсэн багш, оюутнуудаа сургуульдаа ойрхон, тав тухтай дотуур байраар бүрэн хангадаг. Дэлхий нийтийн чиг хандлагыг харвал хөдөө орон нутаг, гадаадын оюутнууд төдийгүй хотын алслагдсан дүүргийн оюутнууд ч өөрийн бие даах чадвараа хөгжүүлэх, суралцах үйл явцдаа төвлөрөх үүднээс гэр орноосоо хол дотуур байранд амьдрах нь нэмэгдэж байна. Иймд бид цаашид "СИТИ- хотхон” – доо оюутны байртай болох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
Тэтгэлэг- тэтгэмж
Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, СИТИ их сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, "Дэмбэрэлцэрэн сан”- ийн тэтгэлэг, амирчин оюутны тэтгэлэг”, АНУ- ын Шульц Глобал Инвестмент Хөрөнгө оруулалтын компаний нэрэмжит тэтгэлэг гэх зэрэг олон төрлийн тэтгэлэг, тэтгэмж бий. 

Хамтран ажилладаг гадаадын их сургуулиудтай оюутан солилцоо болон зуны хөтөлбөрүүдэд хамрагдан, мэдлэг чадвараа дээшлүүлж, бусад орны соёл, зан заншилтай танилцах боломжтой.

Мөн Европын Холбооны "Erasmus mundus” төслийн хүрээнд 6 сар хүртэлх хугацааны оюутан солилцооны хөтөлбөр байдаг.

Оюутны чөлөөт цаг

Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд тань Сургуулийн Захиргаанаас гадна манай Оюутны Холбоо тусална. Та тэдэнтэй ойр байж, санал хүсэлтээ тавихаас гадна өөрөө манлайлан оролцох нь тун чухал. Энэ нь таньд бусадтай харилцах, нийгэм, хүмүүнлэгийн ажилд оролцох том сургууль болох учиртай. Бүжгийн секц, англи хэлний клуб, илтгэх урлагийн клуб, жүжгийн дугуйланд суралцвал үнэхээр сонирхолтой шүү! "Гадаад хэлний төв”-д Англи хэлээс гадна япон, солонгос, хятад, франц зэрэг хүссэн хэлээрээ суралцаж болно. Мөн сургуулийнхаа спорт зааланд хичээллэж болно. Бид мэргэжлийн хичээлүүдийг англи хэл (урлагийн ангийн оюутнууд орос хэл)-ээр явуулдаг болж байгаа тул багш, оюутнуудаа дэмжих зорилгоор зохион байгуулдаг хэлний болон мэргэжлийн богино хэмжээний зуны сургалтуудад ч оролцож болно.

Найз нөхөд

Манай оюутнууд тун сайн хүмүүжилтэй бөгөөд биеэ сайхан авч явдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Оюутнууд анги танхимд бохь зажлах, тамхи татах зэрэг элдэв үйлдлийг огт гаргадаггүй нь захиргаадалттай огт холбоогүй бөгөөд ерөөсөө цэвэрхэн орчинд цэвэрхэн байдгаас үүдэлтэй. Үе үеийн оюутнууд маань ийм байсан. Энэ бол соёл, ёс суртхууны сайхан уламжлал!

Манай сургуульд бизнес, дизайн, урлаг, гоо сайхан, архитектур ... гээд өөр өөрийн онцлогтой өвөрмөц, олон төрлийн мэргэжил байдаг болохоор оюутнууд бие биеэсээ суралцах, дууриал авах юм маш их. Энэ нь манай сургуулийн бусад сургуулиас ялгарах өвөрмөц тал болж байдаг.

Сургуулийн орчинд та олны танил, алдартай залуустай цөөнгүй таарах бөгөөд тэдэнтэй мөр зэрэгцэн суралцаж буйдаа болон ангийнхаа анд нөхдөөр, бас өөрөөрөө бахархах мэдрэмж таныг сэргээж, итгэл дүүрэн суралцах болно.

Мөн Франц, БНХАУ, ОХУ, Япон, Бельги, Швецари зэрэг олон орны оюутнуудтай танилцаж, нөхөрлөх сайхан боломж манайд бий.

Уралдаан-тэмцээн

Хичээлийн жил бүр "Спортын их наадам”, Урлагийн их наадам” зохиогддог бөгөөд эдгээрт анги, тэнхим, сургуулиараа идэвхтэй оролцдог. Шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалын эзэд тодрох тэр торгон агшныг хүн бүр тэсч ядан хүлээдэг гэж хэлж болно.

Мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцох нь оюутан хүний чухал ажлын нэг бөгөөд манай оюутнуудын дунд улсын болон олон улсын тэмцээний шагналтнууд олон бий.

Түүгээр ч үл барам сургуулийн "Гоо бүсгүй, сайхан залуу” шалгаруулах тэмцээн... гэх мэт залуус та нарт сонирхолтой олон тэмцээн, уралдаан зохиогддог.

Профессор багш нар

СИТИ их сургуулийн захиргаа "Багш сонголт”- д онцгой анхаардаг бөгөөд багш нарын дунд ОХУ, БНСУ, Сингапур, Бельги, Унгар, ХБНГУ, Тайвань зэрэг оронд мэргэжил эзэмшсэн олон сайн багш нар бий. Манай бүх багш нар сурган хүмүүжүүлэх ухааны боловсролтой.

2014- 2017 онд манай 14 багш, магистр Европын Холбооны " Эрасмус мундус” хөтөлбөрийн хүрээнд Итали, ХБНГУ, Франц улсад 6 сараас 1 жил 6 сарын хугацаанд амжилттай суралцаж, мөн 1 багш Польш улсын Варшавын их сургуульд ажлын дадлага хийсэн. Мөн 30 шахам багш БНСУ, БНХАУ, ОХУ, Сингапур, Малайз, Вьетнам, Комбож, Маямари, Филиппин зэрэг гадаад улс оронд сургалт, семинарт оролцон, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэв.

Мөн гадаадаас зочин профессор урьж хамтран ажиллаж байна. Тухайлбал: 2015 онд Урлагийн сургуульд ОХУ- аас Виктор Васильевич Мирошниченко, 2016 онд Барилга, Архитектур-Дизайны сургуульд Испани улсаас дизайнер Э.Одхүү, Бизнесийн сургуульд Франц улсаас профессор Денис Рарисот нар ирж, оюутнуудад хичээл заасан.

2017 оны 9 дүгээр сараас АНУ- аас англи хэлний багш Melissa Smith ирж ажиллах гэж байна.
Таны ирээдүй-Бидний бахархал