БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний бүтээл нь сэтгүүлийн нийтлэлийн бодлогод нийцсэн агуулга болон хэлбэрийн шаардлага хангасан байна. Шаардлагатай тохиолдолд сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний бүтээлүүдэд урьдчилсан хяналтыг Зөвлөлөөр хийлгэж болно. Сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний бүтээл түүний төрлөөс үл хамааран дараах шаардлагыг хангасан байна: 

      • Урьд өмнө ижил төрлийн гадаад болон дотоодын сэтгүүлд нийтлэгдэж, нийтийн хүртээл болоогүй байна;
      • Хэл зүйн хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тавигдах шаардлага хангасан байх бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлийн төрлөөс үл хамааран зохиогчийн эрхийг нэн тэргүүн хүндэтгэн үзэж эшлэл, зүүлт авсан байна;
      • Бүтээлд зохиогч нэр, эрдмийн зэрэг цол, эрхэлдэг ажил, цахим шуудан болон холбогдох утасны дугаарыг ирүүлнэ.
      • Бүтээлд тавих шаардлагыг хангаагүй бүтээлийг хүлээн авахаас татгалзаж болох бөгөөд хүлээн авсан боловч түүнийг сэтгүүлд нийтлэхгүй байж болно
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь шинжлэх ухааны онол, практикт тулгамдсан асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх талаар санал, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан байна. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна:

  1. бүтээлийн нэр;
  2. оршил;
  3. үндсэн хэсэг;
  4.  дэд хэсэг;
  5.  дүгнэлт, зөвлөмж;
  6.  хураангуй;
  7.  түлхүүр үг;
  8.  ном зүй;
  9.  хавсралт.
    • Оршил болон үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмжийг дугаарлахдаа ромб (I, II гэх мэт) тоогоор дугаарлана. Бүтээлийн ерөнхий гарчиг нь 11pt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 11pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт –[Times New Roman, 11pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна].
    • Өгүүллийн дэд хэсгийг дугаарлахдаа том үсгээр цагаан толгойн дарааллаар дугаарлана (А, Б гэх мэт). Дэд хэсгийг дотор нь дугаарлахдаа тоогоор дугаарлана (1, 2, гэх мэт). Цаашид нарийвчлан дугаарлах тохиолдолд хагас ( а), 1) гэх мэт ) болон бүтэн хаалттай ( (а), (1) гэх мэт ) хэлбэрээр үсэг, тоо гэх дарааллаар дугаарлана.
    • Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулалгүйгээр 3000-аас доошгүй үгтэй байна.
    • Өгүүлэлд зохиогч тус бүтээлийн товч утгыг Монгол хэл дээр бичиж хавсаргана. Өгүүллийн товч утга нь 150-200 үгтэй байх бөгөөд түүнд эшлэл, зүүлт авахгүй.
    • Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Түлхүүр үгэнд өгүүллийн нэрэнд орсон үг хэрэглэхийг хориглоно.
    • Өгүүлэлд ашигласан эх сурвалжийг эшилсэн байна. Өгүүлэлд ашиглах эх сурвалжийг эшлэхэд тавигдах шаардлагыг Зөвлөлөөс тогтооно. Зөвлөлөөс тогтоосон эшлэлийн шаардлага нь энэхүү журмын салшгүй хэсэг болно.
    • Өгүүлэлд хэрэглэх эшлэл, зүүлтийг тухай хуудасны зүүн доод хэсэгт тоогоор дугаарлан авах бөгөөд ингэхдээ үндсэн бичвэртэй адил үсгийн хэмжээ, фонттой байна –[Arial, 10pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна].
    • Ном зүй нь гагцхүү тухайн эрдэм шинжилгээний бүтээлд ашигласан бүтээлээс бүрдэх бөгөөд зохиогч, бүтээлийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан бичнэ –[Arial, 11pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна]. Ингэхдээ гадаад болон дотоод эх сурвалжийг бүлэглэн бичнэ –[ I. Монгол эх сурвалж, II. Гадаад эх сурвалж г.м.].
    • Өгүүлэлд оруулах зураг нь сэтгүүлд хэвлэгдэхүйц чанарын шаардлага, нягтаршилтай байна. Шаардлагатай тохиолдолд зургийг өгүүллээс тусдаа файл хэлбэрээр илгээж болно.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЭССЭ

Эрдэм шинжилгээний эссэ нь шинжлэх ухааны хүрээн дэх аливаа асуудлаар өөрийн үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг шинжлэх ухаанчаар илэрхийлэн бичсэн байна.

Эссэ нь 3000-аас дээшгүй үгтэй байна. Хэлбэрийн шаардлагын хувьд эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална. 

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТОЙМ

Судалгааны үр дүн, тойм гэдэгт шинжлэх ухааны хүрээн дэх аливаа төсөл, бодлогын судалгааны тайлан, үр дүн, танилцуулга, тойм хураангуйг ойлгоно.

Сэтгүүлд нийтлэгдэх судалгааны үр дүн, тойм нь эрдэм шинжилгээний өгүүлэлтэй нэгэн адил хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Судалгааны үр дүн, тойм нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулалгүйгээр 1000-4000 хүртэл үгтэй байна. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ШҮҮМЖ

Бүтээлийн шүүмжийг зохиогчоос өөр судлаач бичсэн байна. Шүүмж нь тухайн бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, практик болон онолын ач холбогдолд үнэлэлт өгсөн байх бөгөөд зохиогчийн тухайд субьектив байдлаар дүгнэлт хийхээс ангид байвал зохино. Шүүмжийг шинжлэх ухааны хүрээн дэх эрдэм шинжилгээний бүтээлд (нэг сэдэвт зохиол, өгүүлэл, илтгэл гэх мэт) мөн шүүхийн шийдвэр болон бусад баримт бичигт бичиж болно. Сурах бичиг, магистр, докторын зэрэг горилох бүтээлд өгөх шүүмж хамаарахгүй. 

ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА, БУСАД МЭДЭЭЛЭЛ

Өөр төрлийн эрдэм шинжилгээний бүтээлийн аливаа хэлбэрийг сэтгүүлд хэвлэх, эсэхийг Зөвлөл шийдвэрлэнэ.