© СИТИ ИХ СУРГУУЛЬ

ERASMUS MUNDUS ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Комиссоос зохион байгуулдаг Европ, Зүүн Азийн улсуудын их, дээд сургуулиуд хоорондын дээд боловсролын тэтгэлэгт солилцоог дэмждэг хөтөлбөр юм. Хөтөлбөр нь тэтгэлэгт солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулах зорилготой. EMMA хөтөлбөрийн Монгол дахь түнш байгууллагаар Сити их сургууль сонгогдон 2013 оны намраас хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсаас гадна хөтөлбөрт Ази тивээс Вьетнам, Камбодж, Лаос, Бирм, Филиппин, Тайланд улсуудын сургуулиуд оролцож байгаа бөгөөд Европын (Румын, Польш, Франц, Португал, Итали, Герман, Голланд) 7 орны түнш сургуулиудтай дээд боловсролын бүх шатны тэтгэлэгт солилцоо, хамтарсан сургалтыг хэрэгжүүлнэ. Шинжлэх ухаан, Технологийн чиглэлээр олон улсын дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрт оюутнууд ямар ч чиглэлээр хамрагдах боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд 2014-2017 оны хичээлийн жилд 3 ээлжээр бакалавр, магистр, доктор, докторын дараах шатны суралцагчид болон багшын солилцоо, сургалтыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн нэгдүгээр ээлжээр Монгол улсын их, дээд сургуулиудаас магистрын зэрэг авсан бөгөөд докторт сурах сонирхолтой хүмүүс Европын 7 орны түнш аль нэг их сургуульд 36 сарынхугацаанд 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцан, тухайн хүлээн авч буй Европын сургуулиас докторын зэрэг авах боломжтой. Харин хоёрдугаар ээлжээр баклавр, магистр, доктор болон докторын дараах тэтгэлэгт солилцоог, гуравдугаар ээлжээр нэмэлт баклаврын оюутнуудын солилцоог тус тус хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийн нэгдүгээр ээлж буюу 2014-2015 оны хичээлийн жилд эхлэх 18 ба 36 сарын хугацаатай доктор, 1 сарын хугацаатай багш солилцооны тэтгэлэг байлаа. Хөтөлбөрийн бүртгэл 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдсан. Хөтөлбөрийн хоёрдугаар ээлж буюу 2015-2016 оны хичээлийн жилд эхлэх 6 болон 10 сарын бакалавр, магистр, 18 сарын доктор, 6 сарын докторын дараах тэтгэлэг байв. Хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 10 дүгээр сарын 1-ны өдрөөс 11 сарын 15 -ний өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдсан.
Хөтөлбөрийн гуравдугаар ээлж буюу 2016-2017 оны хичээлийн жилд эхлэх 6 болон 10 сарын бакалавр, магистр, 6 сарын докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхлэн 2015 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 11 сарын 15-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдаж дууслаа. Энэхүү гурав дугаар ээлжийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэдийг дэмжиж 100%-ийн тэтгэлэгтэйгээр Европын их, дээд сургуулиудад бакалавр, магистрийн солилцоогоор суралцуулах боломжийг Европын Холбоо онцгойлон олгож байна. Мөн докторын дараах сургалтын тэтгэлэгт солилцоонд Монголын аль нэг их дээд сургуулийн оюутнууд хамрагдаж, 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжтой юм. Тухайн тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын Европ-д суралцах хугацааны кредит цагийг тооцон дүгнэж EMMA-Сertificate олгогдоно. EMMA-Сertificate бол маш олон шалгуурын үр дүнд олгогдож буй үнэ цэнэтэй бичиг баримт юм. Сургалтын төлбөр, амжиргааны зардал зэрэг тухайн улсад байх хугацааны бүх зардлыг хөтөлбөрийн зүгээс санхүүжүүлэх учраас та үнэ төлбөргүй Европын өндөр хөгжилтэй орнуудын дээд боловсролын системээс суралцаж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй ирээдүйдээ үнэ цэнэтэй түүхийг бичих юм. Тухайн тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож буй хүмүүс http://emma2014.ateneo.net хаягаар орж бүртгүүлэх хэсэгт бүртгүүлээд, e-mail хаягт ирсэн LINK-ийг дарсанаар бүртгэл баталгаажна. Үүний дараа шаардлагатай мэдээлэлүүдийг оруулна.Бүртгүүлсэний дараа тухайн хуудасанд байгаа Application Form хэсэгт өөрийн бүх мэдээлэлүүдийг оруулж, засварлаж, нэмж, хасах боломжтой бөгөөд View Application хэсгээс зассан мэдээллээ харж болно.
Мөн Public Mobility Offers хэсгээс өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлүүдийг нарийвчлан үзэж болох юм.Хэрвээ сонирхож буй чиглэлээр хүссэн мэргэжил байхгүй бол My Purposed Mobility Offers хэсэгт ороод өөрийн саналаар тухайн нарийвчилсан чиглэлээр суралцах сонирхолтой тухайгаа оруулан хуудас нээж, тодорхойлолт гаргана. Уг тэтгэлэгт сургалтанд бүртгүүлэгчид сонгон шалгаруулалтанд биеэр очиж оролцохгүй бөгөөд цахим бүртгэлд оруулсан хувийн мэдээлэл нь сонгогдоход чухал нөлөөтэй байх учраас бичиг баримтыг нухацтай үнэн зөв бүрдүүлсэн байх шаардлагатай.
Тавигдах шаардлага:
- Сүүлийн 5 жилд Европын аль нэг оронд суралцаж мөн ажиллаагүй байх
- Монголын аль нэг их, дээд сургуулиудаас зэрэг авсан байх
- Монголын аль нэг их, дээд сургуулийн магистр, доктор, докторын дараах хөтөлбөрийн оюутан байх
- Өөрийн CV-г стандартын дагуу үнэн зөв боловсруулсан байх
- Англи хэлний мэдлэгийн түвшин B1-с дээш байх -Өөрийн мэргэжлийн чиглэлээр судалгааны ажлын төлөвлөгөө, хураангуйг боловсруулсан байх;
- Профессор багшийн тодорхойлсон захидалтай байх
- Хөтөлбөрт хамрагдахийг хүссэн захидалтай байх Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтот 3 бүлгийн дагуу сонгон шалгаруулалт хийгдэнэ.
Зорилтот бүлэг 1 (TG1)
Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Ази, Европын нийт 14 орны гишүүн сургуулиудын бакалавр, магистр, доктор, докторын дараахь сургалтын оюутнууд болон багш нар
Зорилтот бүлэг 2 (TG2)
Хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Ази, Европын нийт 14 орны аль нэг их, дээд сургуулиудын бакалавр, магистр, доктор, докторын дараахь сургалтын оюутнууд болон багш нар
Зорилтот бүлэг 3 (TG3)
    • - Хөгжлийн бэрхшээлтэй
    • - Эмзэг бүлгийн, амжиргааны зардал доогуур
    • - Шашин шүтлэг, нийгмийн гарлаас улбаалан нийгмээс гардуурхагдсан
    • - Аль нэг улсаас цагаачлан амьдарч буй иргэд гэх мэт тооцогдоно
Энэхүү тэтгэлэгт хамрагдаж, цахим бүртгэлд нэгдэхийг хүссэн оролцогчидод СИТИ дээд сургуулийн EMMA хөтөлбөрийг хариуцагч алба бичиг баримт бүрдүүлэх зааврыг нарийвчилан өгч бусад хэрэгцээт мэдээллээр хангах болно.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сайтнаас авна уу. http://emmasia.udn.vn/
Холбоо барих утас: 95955182
E-mail: foreigndep@citi.edu.mn; u.azjargal@citi.edu.mn


Таны ирээдүй-Бидний бахархал