“СИТИ” Их сургуулийн багш нар төрийн дээд шагнал хүртлээ 

“СИТИ” Их сургуулийн Урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн дуулах ур зүйн багш, МУСТА Г.Гэрэлбаатар, концентмейстр багш, МУСТА Б.Оюунтуяа нар төрийн дээд Алтангадас одонгоор шагнууллаа. 

Б.Оюунтуяа нь дэлхийн 5 орноос хамтран 2014, 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулсан Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанаас II байр, III-байр, тусгай байрын шагнал тус бүр нэг удаа хүртэж байсан бөгөөд дэлхий даяар нэрээ цуурайтуулж яваа алдарт төгөлдөр хуурч Лан Ланы нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанаас II байр 1, III байр 1, тусгай байрын шагнал 2 удаа тус тус хүртэж, шилдэг багшаар шалгарснаас гадна олон арван тоглолт, хөгжмийн наадамд оролцож амжилт гаргасан түүхтэй. Мөн тэрбээр “Дуулаачийн сурах бичиг”, “Хорвоог аргадах аялгуу” зэрэг сурах бичиг, ном туурвисан манай шилдэг багш нарын нэг юм.  

Г.Гэрэлбаатар нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Ононд хатаагдсан илд” дуулалт жүжгийн Ван хааны дүр, Ардын жүжигчин, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, худалдаачин нарын дүрийг амжилттай бүтээн, бие даасан тайлан тоглолтоо гурван удаа хийж, өөрийн зохиосон дууны түүвэр ном гаргасан арвин туршлагатай, шилдэг багш юм. 

СИТИ Их сургуулийн хамт олноос төрийн дээд шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэж, ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!