АРХИТЕКТУР – ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ

“СИТИ” Их сургуулийн Архитектур - Дизайны сургууль нь Архитектур, интерьер дизайны тэнхим, Компьютер, график дизайны тэнхим, Хувцас дизайны тэнхимтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Бид мэргэжлийн онцлог, хариуцлага, чиг үүргээ ухамсарлан, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндээ бататгаж, XXI зууны глобалчлал, даяаршил, өрсөлдөөнд хөл нийлүүлэн алхах чадвартай, бүтээлч, шинийг санаачлагч архитектор, барилгын инженер, интерьер болон хувцас дизайнерыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

Архитектур - Дизайны сургууль нь i) хувцасны дизайн, сүлжмэлийн дизайн, барилгын инженер, архитектур, интерьер дизайн, график дизайн, программ хангамжийн мэргэжлээр бакалаврын, ii) хувцас дизайны мэргэжлээр магистрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Манай сургууль өнгөрсөн 23 жилийн хугацаанд нийт 400 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн.

Манай төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлээрээ томоохон үйлдвэр, аж ахуйн газарт ажиллахын зэрэгцээ, өөрсдөө бие даан үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулан манлайлан ажиллаж байна. Мөн манай сургууль мэргэжлийн дизайнеруудын “Гоёл” наадмаас гранпри болон тэргүүн, тусгай байрын шагнал, “Монгол Улсын шилдэг загварын товчоо” өргөмжлөл 3 удаа хүртэж, дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогддог “Хаврын гоёл дизайн сургалт” наадмаас манай оюутнууд Гранпри шагнал 5 удаа, тэргүүн байрын шагнал 14 удаа, тусгай байрын шагнал 10 удаа, Дизайны шилдэг сургууль өргөмжлөл 5 удаа, Шилдэг удирдагч багш шагналыг 4 багш хүртсэн бахдам амжилтын эзэд, салбартаа тэргүүлэх байр суурийг баттай эзэлсэн хамт олон юм.

Мөн бид Япон, ОХУ, БНХАУ, Сингапур, Австри, Герман зэрэг орнуудад болсон олон улсын үзэсгэлэн, залуу дизайнеруудын уралдаануудад амжилттай оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг удаа дараа хүртэж байсан.

Манай сургууль Монголын дизайнеруудын холбоо, Монголын архитекторуудын холбоо, Монголын ноос ноолуурын ролбооны гишүүн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гоо зүйн боловсрол, сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Сити -Дизайн” улсын уралдааныг жил тутам амжилттай зохион байгуулж байна.

“СИТИ” Их сургуулийн Архитектур - Дизайны сургууль нь оюутнуудаа дотоод, гадаадын тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөрт хамруулж, багш оюутнуудын хөгжилд анхаарлаа хандуулан клуб, холбоог идэвхтэй ажиллуулдаг бөгөөд хүмүүнлэгийн сайн үйлсийн аянд нэгдэж, олон талт үйл ажиллагааг явуулсаар ирсэн 20 жилийн туршлагатай, нэр хүндтэй сургуулийн нэг юм. Эрдмийн их далайд аялах Танд амжилт хүсье!