“СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаагийн урилгаар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүн тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр “СИТИ” Их сургуульд зочиллоо.
Зочдыг “СИТИ” Их сургуулийн бага театрт Урлагийн сургуулийн профессор багш, оюутнуудын бэлтгэсэн урлагийн тоглолтоор угтан авч, сургуулийн сургалтын орчин, материаллаг бааз, соёл, сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцуулсан юм.
Мөн энэ үеэр “СИТИ” Их сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн Түрэгийн үеийн хувцасны түүх, соёлын судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, уг чиглэлийн суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ТИКА-ын төлөөлөгчидтэй санал солилцов. Талууд цаашид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж, нөхцөлийн талаар ярилцаж, хоёр орны соёлын өв, түүхэн судалгааг баяжуулахад хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцоллоо.






