

"СИТИ" Их сургуулийн Архитектур Дизайны сургуулийн Хувцас дизайны тэнхимийн төгсөгчид, багш, оюутнууд "REFASHION MONGOLIA 2026" төслийн хүрээнд зохион байгуулсан RUNWAY TO RECOVERY хувцас загварын уралдаанд амжилттай оролцлоо.
Тус төслийг KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр БНСУ-ын KOLON FnC, K.O.A Co., Ltd. компаниуд, ШУТИС болон UBS телевиз хамтран хэрэгжүүлж байна. Төсөл нь Монгол, Вьетнамд ноолууран хувцасны хаягдал болон үлдэгдэл материалыг дахин боловсруулж, шинэ нэхмэл материал үйлдвэрлэх тойрог тогтолцоог хөгжүүлэх зорилготой.
Тогтвортой хувцас загварын үнэ цэнийг нийгэмд таниулах, залуу дизайнеруудыг дэмжих зорилготой уг уралдаанд 18–34 насны мэргэжлийн дизайнерууд болон суралцагчид гурван гишүүнтэй багаар оролцлоо. Хаалттай шатанд 15 баг өрсөлдсөнөөс найман баг нээлттэй шатанд, гурван баг финалд шалгарлаа.

"СИТИ" Их сургуулийн Хувцас дизайны IV курсийн оюутан А.Гарьд, Г.Золзаяа, Ц.Бадамзул нараас бүрдсэн NEW ERA баг шилдэг наймд шалгарч, нээлттэй шатанд өрсөлдлөө.
Мөн төгсөгч Б.Нямцэцэг, М.Ариунжаргал, Хувцас дизайны тэнхимийн багш Б.Энхгэрэл нараас бүрдсэн АМИЛАЛ баг шилдэг гурван багийн нэгээр шалгарч, финалд III байр эзэллээ. Тус баг финалын шатанд урласан хувцасны бүтээлээ PLAYTIME 2026 наадамд олон нийтэд танилцуулж, олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн байна.


