ЭЛСЭХ

Мэдээ

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ “THE INNOVATION & IMPACT SUMMIT 2026” ОЛОН УЛСЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ “THE INNOVATION & IMPACT SUMMIT 2026” ОЛОН УЛСЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

БНСУ-ын Сөүл хотноо 2026 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “THE Innovation & Impact Summit 2026” олон улсын дээд түвшний уулзалтад “СИТИ” Их сургуулийн Оюутны хөгжил, карьер төвийн эрхлэгч, доктор Г.Жаргалмаа оролцлоо.

Их Британийн Times Higher Education (THE) байгууллага БНСУ-ын Korea их сургуультай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ нь дэлхийн их, дээд сургуулийн удирдлага, судлаачид, төр, хувийн хэвшлийн байгууллага, хөрөнгө оруулагчид болон инновацын салбарын төлөөллийг нэгтгэсэн олон улсын томоохон уулзалт юм.

Энэ удаагийн уулзалт “Universities, Industry and Investors: Connecting Research with Commercialisation”буюу “Их сургууль, үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа: Судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав.

Гурван өдрийн турш үргэлжилсэн уулзалтаар дараах үндсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  • Судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах: Их сургуулийн судалгааны үр дүнд тулгуурлан шинэ технологи, бүтээгдэхүүн, гарааны бизнес хөгжүүлэх, технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, инновацын экосистемийг бүрдүүлэх;

  • Ирээдүйн технологи ба судалгааны хөрөнгө оруулалт: Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, биотехнологи, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой технологийн хөгжил, хөрөнгө оруулалтын чиг хандлага;

  • Олон улсын инновацын хамтын ажиллагаа: Их сургууль, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг өргөжүүлэх, инновацын санхүүжилт, чадварлаг хүний нөөцийг хөгжүүлэх.

Зохион байгуулагч Korea их сургуулийн мэдээлснээр тус арга хэмжээнд дэлхийн олон орны их, дээд сургууль, олон улсын байгууллага, технологийн компани, венчур хөрөнгө оруулалтын байгууллага болон гарааны бизнесийн 480 гаруй төлөөлөгч оролцжээ.

Уулзалтын хүрээнд их сургуулийн судалгаанд суурилсан гарааны бизнесийн танилцуулга, олон улсын туршлага солилцох хэлэлцүүлэг, салбар хоорондын хамтын ажиллагааны уулзалтууд зохион байгуулагдсан байна.

Энэхүү арга хэмжээ нь их сургуулийн хөгжлийг сургалт, судалгаагаар хязгаарлах бус инновац, технологи, хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчинтой уялдуулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөөг нэмэгдүүлэх дэлхийн дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодотголоо.

“СИТИ” Их сургууль тус олон улсын дээд түвшний уулзалтад анх удаа оролцсон нь дээд боловсролын салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын шилдэг туршлагыг судлах, сургалт, судалгаа, инновацын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их сургуулийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах

Мэдээний архив

Харагдаж буй 0 / 0