“СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Мөнхдэлгэрийн “Тэтгэврийн тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” нэртэй эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэн гарч, нийтийн хүртээл боллоо.
Энэхүү бүтээлд олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, манай улсын тэтгэврийн ганц эх үүсвэрт хуваарилалтын тогтолцооноос олон эх үүсвэрт хуримтлалын тогтолцоонд шилжих эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх боломж, арга замыг онолын болон харьцуулсан судалгаанд тулгуурлан тодорхойлжээ.
Мөн ЭЗХАХБ-ын гишүүн зарим улс, ОХУ, БНХАУ-ын тэтгэврийн олон эх үүсвэрт тогтолцооны эрх зүйн зохицуулалт, тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөн нэмэгдүүлж буй туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах боломжийг авч үзсэн байна.
Тус бүтээл нь өнөөгийн нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн нөхцөл байдалд нийцсэн өндөр насны тэтгэврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн онол, практикийн ач холбогдолтой судалгааны бүтээл юм.

